Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сонголтгүй тулгалтаас сонголт хийлгэе гэвэл
2017 оны 5 сарын 10 [Уншсан тоо: 54187]

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн цуваа гарч дуусав. М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэх хүсэлтээ намууд ирэх баасан гариг буюу тавдугаар сарын 11-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд өргөн барьж, СЕХ тэднийг нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэх эсэхээ тавдугаар сарын 14-ний дотор шалгаж шийдвэрлээд 17-ний өдөр олон нийтэд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан ёсоор бүртгэгдэх хүртэл дахиад долоо хоног үлджээ.

УИХ-д суудалтай намууд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсны дараа иргэдийн олонхи /нэр дэвшүүлэлтийн явцад тэднийг дэмжиж гаргаж ирсэн цөөнх хэсгээс бусад нь/ “Ямар гээчийн нэр дэвшүүлэлт вэ?”, “Хэнийг нь ч сонгохын арга алга, огт сонгохгүй байсан нь дээр юм байна” хэмээн бухимдаж байна. Тэр дундаа АН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс...

МАН-ын нэг онцлог нь асуудлыг дан ганц намын удирдлагын хүрээнд хайрцаглаж шийддэг, жирийн гишүүд нь удирдлагын түвшинд гаргасан шийдвэрийг буруу ч бай, зөв ч бай үг дуугүй дагах нь намын гишүүний үүрэг хариуцлага гэж үздэг бол АН-ын гишүүд тийм биш. Зөв, буруугийн тухайд өөрийн гэсэн шүүлтүүртэй, хувийн эрх чөлөөгөө хэнтэй ч хуваалцалгүй шийдвэрээ бие даан гаргах хүсэл эрмэлзэлтэй. Энэ олон хүний хүсэл эрмэлзлэлийг нэг цэгт уулзуулснаар “олонхийн” шийдвэрт хүрдэг нь тэдний онцлог. Харин энэ удаагийн АН-ын нэр дэвшигч намын олонхийн дэмжлэгийг авч чадаагүй, сүүлд болсон санал асуулгаар тооцвол нийт гишүүдийнхээ ердөө 30 хувийн саналаар гарч ирсэн нэгэн.

АН-аас нэр дэвшигдээд байгаа Х.Баттулгад АН-ын гишүүдийн хамгийн түрүүнд тавих шалгуур буюу шүүлт нь “Энэ хүн үнэхээр АН-ыг төлөөлж чадахуйц улс төрийн капиталтай, ардчилсан үзэл баримтлалтай хүн мөн үү?” гэдэг асуулт. Н.Алтанхуяг Х.Баттулгатай нэг танхимд ажиллаж байхдаа нэг удаа асуусан юм гэнэ лээ. “АН-ыг байгуулж, босгох гэж зүтгэж явахад чи хаана байсан юм бэ? Гахай үүрээд л явж байсан шүү дээ” гэж. Х.Баттулга бол ардчиллын буяныг хамгийн их хүртсэн хүн мөн үү гэвэл мөн. Тэр хэрээрээ ардчиллын үйл хэрэгт хүчээ өгч, хувь нэмрээ оруулсан уу гэвэл үгүй. АН-ыг засаглаж байх хугацаанд хоёр ч удаа сайдын албан тушаал хашиж, нэгийг нь бүр намаа, засгаа “хутгалан” байж авсныг нь эс тооцвол шүү дээ.

Тиймээс Х.Баттулга бол АН-ыг тэргүүн эгнээнд төлөөлөх лидер лав биш. Харин ардчиллын үр дүнгээс хамгийн их хувь хүртсэн шинэ цагийн хөрөнгөтнүүдийн нэг бол мөн. Улстөрч бол бүр ч биш. “Бүрэн зураглал”-аар М.Энхболдын сугандаа хавчуулж харуулсан Ж.Оджаргал, П.Батсайхан, “Макс” Ганбаатар, “Голомт”-ын Баясгалан эд нартай яг адил ашиг хайсан бизнесмэн хүн. Тэднээс ялгаатай нь АН дахь МоАХ бүлэглэлийг санхүүгийн хувьд ивээн тэтгэдэг, түүгээрээ шантаажлан унацтай байж болох бүх албан тушаалд шунаж, түүндээ ч хүрсээр ирсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржтой гар нийлдэг байсан бол одоо АН-ын даргын суудлыг мөнгөөр худалдаж авсан С.Эрдэнэтэй гар нийлж яваа. Тиймээс АН-ын гишүүдийн хувьд түүнийг дэмжихээсээ жигших нь дийлэнх. Гэхдээ түүнд мөнгө бий.

МАН-ын гишүүдийн хувьд бол М.Энхболд хэн байх нь биш, намын удирдлага юу гэж үзсэн нь чухал гэдгийг дээр хэлсэн. М.Энхболдтой холбоотой газрын бизнес, хотын дарга байхдаа Улаанбаатар хотыг хэрхэн “нийтийн жорлон” болгосон гэх мэт сонин биш. Үнэн гэвэл МАН-ын залуучууд түүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэн намаасаа нэг мөр зайлуулаад өөрсдөө эрх мэдэлд нь суухыг хүсч байна. АН-тай харьцуулбал бараг л “эрүүл саруул” зүйл.

МАХН-ын Н.Энхбаярыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэж авах эсэх нь одоогоор тодорхойгүй. Хуульд заасан “ялтай байдал”-ын хугацаа дууссан эсэх нь маргаантай хэвээр. Гэхдээ энэ нь эрх зүйн гэхээсээ улс төрийн маргаан болчихоод байгаа. 2016 оны сонгуулиар түүнийг “ялтай байдал” гэдгээр шалтаглан сонгуульд нэр дэвшүүлээгүй. Сонгуулийн өмнө батлагдсан, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх ёстой байсан шинэ Эрүүгийн хуулиас “ялтай байдал” гэдэг зүйлийг  нэг мөсөн хассан ч МАН УИХ-д 65 суудал авмагцаа хуулийн хэрэгжилтийг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Үүнийг мөн л Н.Энхбаярын “ялтай байдал”-тай холбон тайлбарлаж байна. Энэ нь хэдий шударга бус мэт харагдавч авилга, албан тушаалын хэргээр шоронд ял эдлээд гарсан хүн Монголын төрийн тэргүүнд нэр дэвших нь ганц Монголд л байж болох улс төрийн “соёл” юм даа.

Ийм л сонголтгүй сонгуулийг улс төрийн гурван нам бидэнд тулгаж байна. “Нэг нь шоронд ороод гарсан, нөгөө нь хэзээ мөдгүй шоронд суух гэж байгаа, гурав дахь нь хэзээ нэгэн цагт шоронд суух” ийм л гурван нэр дэвшигч иргэдийн нүдэнд харагдаж байна.

М.Энхболд, Х.Баттулга нарын тухайд нэр дэвших явцдаа л нэр дэвшигчээс буцааж татагдах болзлоо хангачихсан. М.Энхболд сонгуулийн сурталчилгаа эхлэх нь байтугай нэр дэвшүүлэлт болохоос өмнө сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлсэн, Х.Баттулга нь намаасаа нэр дэвших явцдаа мөнгө тараасан. Монголд хэрвээ хууль үйлчилдэгсэн бол хэн хэн нь нэр дэвших эрхээ хасуулах ёстой. Харамсалтай нь манайд хууль зөвхөн тодорхой хүрээнд л үйлчилдэг гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Тэр тусмаа АН, МАН хоёр дээгүүрээ тохироод энэ сонгуулийг хийж байгаа гэж үзвэл хуулийг уландаа гишгэлээд л гарна. Тиймээс тэдний хүссэн үр дүнг гаргаж өгөхгүй байх хуулийн ямар боломж иргэдэд үлдсэн бэ?

Аз болоход бид энэ хүмүүсийн тухай хэтрүүлж хэлбэл өөрсдөөс нь илүү мэдэх юм. Хоёрдугаарт ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйлсийн нэг болох чөлөөт хэвлэл гэж юм манайд бий. Тэд өнөөдөр үгээ хэлж, хэнийх нь талаар өмнө нь юу хэлж, бичиж байснаа иргэдэд ил тодоор харуулах ёстой. “Женко” Баттулгын АТГ, цагдаад шалгагдаж байсан төмөр замын тендер, аж үйлдвэрийн паркийн хэрэг хаана очоод зогссон, ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэн хэн холбогдсон, хэд нь оргон зайлсан гэх мэтчилэн өмнө өгч байсан мэдээллээ нэг бүрчлэн сөхөж, үр дүнг нь иргэдэд үнэн зөвөөр мэдээлэх ёстой. Хэрэв Монголд чөлөөт хэвлэлийн эд эс бий бол, өөрсдийгөө улс төрөөс, бохир мөнгөнөөс, хууль бус санхүүжилтээс хараат бус гэж хэлэх нэг ч гэсэн редакци бий бол.

Ядаж л өмнөх сонгуулийн үед АН-ынхны дэлгэсэн “МАН-ын 60 тэрбумын” хэрэг хаана очоод зогссоныг цагдаа, тагнуулаас асуух хэрэгтэй. Хэрвээ энэ бичлэгийг “монтажилсан байсан” гэдэг цагдаагийнхний тайлбар албан ёсных бол эх бичлэг нь хаана байгаа, тэнд юу бичигдсэн гэдгийг МАН-ын даргаас асуух ёстой. Яг одоо АН-ын дарга, МАН-ын дарга хоёр энэ асуудлаа шийдээд дараа нь сонгуульдаа орох ёстой. Ингэж байж иргэд, сонгогчдод эрх баригчдын тулгаж байгаа “сонголтгүй сонгууль”-иас сонголт хийх боломж олдоно. Хэрэв тэгэхгүй үнэн, худал хоёрыг нэг шуудайд боож “хар пиар” гэж гөрдөөд сонгуульд орно гэвэл иргэдэд сонголт алга. Сонголтгүй сонгуульд орохгүй, саналаа өгөхгүй л гэж байна.

Эцсийн бүлэгт энэ сонгууль АН, МАН-ын хэн ялах тухай асуудал ч биш. Энэ бол улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, даяаршиж байгаа дэлхий ертөнцөд бид хаана явах вэ гэдгийг тодорхойлох Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль. АН, МАН-ын аль нь ч ялсан сонгогдсон даруйдаа нэр дэвшигч нь намаасаа татгалзаж Монгол гэдэг нэг айлын өрхийн тэргүүн болно. Тиймээс АН, МАН биш, ард түмэн сонголтоо хийх болно. Үүний тулд нэр дэвшигч нь намынхаа гишүүдээс гадна нийт ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн байх учиртай. Гэвч тэр нэр дэвшигч хаана байна?
  






"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn