Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ардын Их Хурал гэх яриа
2017 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 20706]
Үүсээд буй нөхцөл байдал

Нэг. АН-ын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны сонгууль хойшлов бололтой. Улсын дээд шүүх тус намын шинэ дүрмийг “Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн” хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан байна. АН-ын 7-р их хурлаас баталсан намын дүрэмд намын шинэ удирдлага өөрчлөлт оруулж, намын нийт гишүүд буюу их хурлаар хэлэлцүүлэлгүй Дээд шүүхэд хүргүүлсэн нь дээрх нөхцөл байдал руу түлхэв. Хэдийгээр С.Эрдэнэ вантан “Шардлагатай баримт бичгийг бүрдүүлж дахин бүртгүүлэх боломжтой” гэж мэдэгдсэн ч ингэхийн тулд АН-ын 8-р их хурлыг хуралдуулахаас аргагүй. Шинэ дүрэм Дээд шүүхэд бүртгэгдээгүй учраас намын хуучин дүрэм хүчин төгөлдөр байгаа, угаасаа ҮЗХ-г татан буулгасан нь ч гэсэн дүрмийн бус гэвэл ҮЗХ-ны гишүүдийг хуучин дүрмийн дагуу намын, үүр хороодоос нэр дэвшүүлэн сонгох шаардлагатай болно. Одоо байгаа ҮЗХ-нд С.Эрдэнэ вантан буюу “шонхор”-ууд цөөнх учраас намын шинэ удирдлага ҮЗХ-г яаж ийгээд хуралдуулахгүй нь тодорхой.

Ингээд намын сонгуульт албан тушаалаар дамжуулж мөнгө босгох намын даргын санаачилга унтрав бололтой. ҮБХ-ны 380 суудал дээр 500 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг 6 саяар /хураамж болон дэнчингийн хамт/ үржүүлэхэд 3 тэрбум, үүн дээр намын хорооны гишүүдийг сонгохдоо өрсөлдөөн бий болгохын тулд дор хаяж хоёр хүн нэр дэвшүүлнэ гэж тооцвол нийт дүнгээрээ 10 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоог тус намынхан хийсэн байна. Гэвч Дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэж авахаас татгалзсан учир сонгуульд оролцохоор бүртгүүлээд байсан намын гишүүд “дүрмийн бус сонгуульд оролцохгүй” хэмээгээд нэрээ татаж эхэлсэн сурагтай. АН дампуурчлаа. Улс төрийн нам гэх ойлголт ч бас энэ намтай хамт яван одож байна. Бас ч үгүй чиг баримжаа байсан байлаа гэж...

Хоёр. Өнгөрөгч нэгдүгээр сарын 5-нд “Ардын их хурал” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийж, тус хөдөлгөөнөөс “Ард түмний сонорт” нэртэй ухуулах хуудсыг Улаанбаатар хотын гудамжаар наах явцад хөдөлгөөний гишүүнийг ТЕГ-ын ажилтнууд барьж байцаасан тухай мэдээлсэн байна. Хөдөлгөөний гишүүдийг тусгай өрөөнүүдэд ганцаарчлан байцааж “Энэ үйлдэл чинь 5 жилийн хорих ялтай” хэмээн сүрдүүлж, бичиг баримтыг нь хураагаад гар утсан дахь мэдээллийг нь шалгасан байна. “Ардын их хурал” хөдөлгөөнөөс хүчний байгууллагын уг үйлдлийг Үндсэн хуульд заасан “Иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх”-нд халдсан хэмээн үзэж уг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаарджээ.

Үүний дараа хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Батсүх хэвлэлийнхэнд хандан дахин мэдэгдэл хийж, “АИХ” хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааг танилцуулахаар нийслэлийн зургаан дүүрэг, орон нутгаар явж иргэдтэй уулзана, энэ оны дөрөвдүгээр сард багтаж нийслэлд нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Хөдөлгөөний зорилго нь өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар тэмцэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар иргэний эрхийг дээдэлж, олигархиудын эрхийг хязгаарласан төрийн тогтолцоог бий болгоно гэжээ.

Өнгөрөгч долоо хоногт тус хөдөлгөөнөөс нийслэлд хэд хэдэн удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсны дээр Улаанбаатар хотын захирагч асан, Улсын баатар Э.Бат-үүл зөвлөлөх уулзалтад оролцжээ. Түүний хувьд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа парламентыг хоёр танхимтай болгох, 1990 оны АИХ-ыг дахин байгуулах талаар санал санаачилга гаргасан нь тухайн үедээ нэлээд шүүмжлэлтэй тулгарч байсан. Харин саяхан буюу сар шинийн өмнө Э.Бат-Үүл АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын дотоод сунгаанд оролцохоо зарласан. Н.Алтанхуягийн дараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан хоёр дахь хүн нь Э.Бат-Үүл болов.

АИХ-ын тухай яриа яагаад өрнөх болов?

1990-1992 оны УБХ-аас хойш байнгын ажиллагаатай парламентын найм дахь удаагийн сонгууль болоод байна. Сонгуулиас сонгуулийн хооронд парламентын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар яриа хөөрөө, санал санаачилга өрнөдөг ч цөөнхийн зүгээс гарсан аливаа санал санаачилга тухайн нам парламентад олонхи болж эрх барьснаар дуусгавар болдог. Эцэстээ “Төлөөллийн ардчилал гэдэг чинь иргэдэд ямар ч ашиггүй, зөвхөн эрх барьж байгаа нам, улс төрийн хүчинд л ашгаа өгдөг систем юм байна” гэдэг ойлголт нийгэмд тогтоод байгаа. Ялангуяа сүүлийн хоёр сонгуулийн дараа “АН, МАН ялгаагүй, улс төрийн намуудад бодлогын ялгаа байхгүй, олигархийн төр л бий боллоо” гэсэн цөхрөл нийгмийн олонхид давамгайлж, ард түмэн өөрсдөө шийдвэр гаргалтад оролцох боломж буюу шууд ардчиллын тухай яриа болж, гарцуудыг хайж эхэлсэн хэрэг. Энэ үеэс хэсэг залуус санаачилга гарган “Ардын их хурал” хөдөлгөөнийг байгуулсан байна.

Парламентад олон жил суусан шинэ, хуучин хуульчдын зүгээс “Парламентыг хоёр танхимтай болгох нь АНУ мэтийн холбооны улсад байдаг систем. Монгол Улс нэгдмэл улс учраас хоёр танхимтай парламент шаардлагагүй. Түүний оронд одоо байгаа нэг танхимтай парламентынхаа тогтолцоог илүү боловсронгуй болгож, парламентын эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй” гэх мэтээр ярьж бичдэг. Гэсэн ч өнгөрсөн 27 жилийн туршид парламентын тогтолцоогоо илүү боловсронгуй болгох нь байтугай анх байгуулснаасаа ч илүү дордуулсаар ирлээ л дээ. Монголын улс төрд “Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг” ганц хууль үйлчилж, сонгуулиар авсан эрх мэдлээ тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө чинээг зузаатгахад л зориулдаг болсон нь маргаангүй. Харин ард түмэн, иргэд гэж юу юм? Саналын эрхтэй л болохоос аль нэг намын хамжлага шиг болчихоод байгаа шүү дээ. Сонголт байхгүй учраас тэдний саналыг хамгийн бага үнээр худалдаж авдаг.

Ийм байдалд орсон нөхцөлд иргэд яалт ч үгүй “Хэрэв тэд бидний эрх ашгийг төлөөлж чаддаггүй юм бол бид өөрсдөө яагаад эрхээ хэрэгжүүлж болдоггүй юм” гэсэн сонголтод хүрдэг. Энэ нь магадгүй “Ардын их хурал” гэдэг яриа руу түлхэж байх шиг. Усанд унасан хүн өвсний үзүүрээс шүүрдэг гэдэг шиг...

Өнөөгийн УИХ-ыг хар л даа. Хэдийгээр ард түмний төлөөлөл гэх боловч дандаа компанийн захирлууд, тэрбумтнууд. Нэг ч багш, эмч байхгүй, жирийн иргэн, малчин, тариачин байхгүй. Тэгсэн хэрнээ эрүүл мэндийн салбарт хэдэн төгрөг төсөвлөх, газар тариаланд ямар татаас өгөх тухай ярьж, 27 жилийн өмнөх боловсролын дипломоороо өнөөдрийн нийгэмд ямар хууль хэрэгтэйг шийдэж байна. Яагаад гэвэл тэд мөнгөтэй. Мөнгөтэй учраас сонгогдсон. Одоо эргээд сонгуульд зарцуулсан мөнгөө хэрхэн, хэд нугалж авах тухай л ярьж байна. Ардын нам төрийн албыг үнэлж зарсантай адил АН бас сонгуульт албан тушаалуудаа арилжаад эхэлчлээ. Үүнд өмнөх УИХ-ын үед баталсан Сонгуулийн тухай хууль, жижиг 76 тойрог ч бас дэм болсон нь үнэн. Харин одоо Монгол Улсыг бүхэлд нь 600 тойрог болгож хуваагаад сум, хороо болгоноос нэг “депутат” сонгоод АИХ-ыг дахин байгуулна гэвэл яах бол? Иргэд ч бас өөрсдөө ийм парламентад хяналт тавихыг хүсвэл яах вэ?
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив