Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Н.Алтанхуяг дарга аа, С.Батболдын алдааг бүү давтаарай”
2012 оны 9 сарын 11 [Уншсан тоо: 72107]
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-д сонгогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь УИХ-ын үйл ажиллагааг гаднаас нь нэлээд сайн шүүмжилдэг байсан гишүүдийн нэг. Одоо дотор нь ороод ажиллахаар ямар мэдрэмж төрж байна, хэр бүтээмжтэй ажил байна. Зорилгодоо хүрч чадах нь уу?


-Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт мэдээж боломжоо дайчлаад ажиллавал хүлээгдэж байгаа асуудлуудад ахиц дэвшил гаргах боломжтой. Төрийн бодлого энд зангилагдаж, эцсийн шийдлийг гаргахад нөлөөтэй оролцдогийн хувьд УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь боломж байна. Энэ үүднээсээ би өнгөрсөн хугацаанд энэ салбарт ажиллаж ирсэн мэргэжлийн хүний хувьд бодож санаж явсан, хууль болж гарах ёстой, бодлого болж боловсрогдох ёстой гэж харсан олон зүйл дээр дөрвөн жилийнхээ ажлыг төлөвлөөд явж байгаа. Тодорхой хэмжээнд үр дүн гарна гэсэн өөдрөг бодолтой байгаа. Товчхондоо засаглалын шинэчлэлийн асуудал дээр голлож ажиллана.

Үүн дотор би гурван зүйлийг хараад байгаа. Нэгдүгээрт миний байнга ажиллаж ирсэн аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн асуудал байна. Батлан хамгаалах, зэвсэгт хүчин, тагнуул, хилийн цэрэг, цагдаа гээд. Энэ бол ардчилал хөгжсөн 20 жилийн хугацаанд хамгийн их хоцрогдсон салбар. Энэ салбарыг хөгжүүлэхгүйгээр цааашид Монголд ардчилал бэхжих, улс төрийн зөв тогтолцоо хөгжих боломжгүй. Тийм учраас үүн дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Одоогоор нэлээд ажил хийгдчихсэн, аюулгүй байдлын үзэл баримтлал нь боловсруулагдаад явж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлж хийгээд үр дүнг нь үзнэ ээ. Энэ ч утгаараа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ажиллаж байгаа. Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд нартай хамтарч ажиллахаар тодорхой хэмжээнд ойлголцоод явж байгаа.

-Хэдэн байнгын хороонд орж ажиллаж байгаа вэ?

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд орж ажиллаж байгаа. Гурвуулаа засаглалын шинэчлэлд чухал үүрэгтэй оролцох байнгын хороод. Хоёр дахь миний зорьж байгаа чиглэл бол парламентыг өөрийг нь хариуцлагатай засаглал болгох асуудал. Үүн дээр тодорхой бодсон зүйл байна. Өргөдлийн байнгын хороог үнэхээр иргэдтэйгээ харьцдаг, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, УИХ-ын хяналтын гол механизм болгож төлөвшүүлэх чиглэлээр энэ дөрвөн жилд ажиллана аа. Нээлттэй сонсголын механизмыг төлөвшүүлнэ. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг чангатгах чиглэлээр санаачилга гаргаж ажиллана гэж бодож байна.

-Сая болж өнгөрсөн асуудал дээр Ёс зүйн хороо яагаад дуугарахгүй байна вэ, Г.Баярсайхан, У.Хүрэлсүх гишүүнтэй холбоотой...

-Хоёр гишүүн өөрсдөө УИХ-ын Ёс зүйн хороонд хандах байх гэж бодож байна. Асуудал нь өөрөө Ёс зүйн хороо руу ороод ирэхээр дэд хорооны түвшинд асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах болов уу.

-Танай намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат их муухай мэдэгдэл хийсэн шүү дээ. “Салаавч гаргана гэдэг өмнө ч байсан үзэгдэл, тэр байтугай Ерөнхийлөгч байсан хүн салаавч гаргаж байсан. Харин хүн зодох нь бол гэмт хэрэг юмаа гэж. Уг нь бол олон нийт, сонгогчид ядахдаа Ардчилсан намын гишүүдээс ийм үйлдэл битгий гараасай л гэж хүлээсэн байх? Намын бүлгийн даргын хэлсэн тэр үгийг яаж илааршуулах вэ?


-Энэ асуултад намын бүлгийн дарга өөрөө хариулт өгөх байх. Ямар ч байсан Ёс зүйн дэд хороо бол энэ асуудлыг тойрохгүй.

-Эргээд түрүүчийнхээ сэдэв рүү орьё. Засаглалыг сайжруулах гурав дахь гол чиглэл маань юу билээ?


-Орон нутгийн засаглалыг иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болгохын төлөө идэвхитэй ажиллана. Үндсэндээ ийм гурван зорилго тавьж байгаа. Зарим хүмүүс асууж байна лээ. Та чинь нөгөө аюулгүй байдлын салбараа орхиод явах нь уу гэж. Тийм биш. Нэгдүгээрт би аюулгүй байдлын чиглэлээр ажиллана. Хоёрдугаарт засаглал сайжрах нь Монгол Улсын аюулгүй байдал баталгаажих гол үндэс. Ингэхгүйгээр бид аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Тийм учраас энэ чиглэлээр ажиллана, боломж байна гэж харж байна.

-УИХ-д орж ирээд төрсөн хоёр дахь мэдрэмж юу байсан бэ?


-Би өөрөө судалгааны байгууллагад олон жил ажилласан. Ерөнхийлөгчийн аппаратад ажиллаж байхдаа ч бас бодлого, судалгаан дээр ажиллаад дүгнэлт гаргаад явдаг байсан. Энэ өнцгөөсөө харахад УИХ дотор асуудал шийдэж байгаа байдал үнэхээр ул суурьтай хэлэлцүүлэг, судалгаа багатай, улс төрийн өнцгөөс, улстөрчдийн сэтгэл хөдлөлөөр их олон асуудал шийдэгдэж байгааг би анзаарч байна. Шийдвэр болгоныг үндэслэлгүй гэж хэлбэл хэтрүүлсэн болно. Гэхдээ маш олон шийдвэр үндэслэл багатай гарч байна л гэсэн үг.

-Танхимын уур амьсгалыг хар л даа, эндээс ямар өөрчлөлт гарах юм бэ?


-Рацианаль байдал, үндэслэл бүхий талаас нь гэхээсээ илүү улс төрийн өнцгөөс асуудлыг хараад байна. Хүнийх нь ч гэлтгүй, манайх ч гэлтгүй бүхэлдээ. Үүнийг зөвхөн би ярьж байгаа биш, УИХ-д олон жил ажилласан туршлагатай улстөрчид ч ярьж л байгаа шүү дээ. УИХ жаахан үндэслэлтэй шийдвэр гаргадаг баймаар байна гэж. Тийм учраас үүнийг засч залруулах чиглэлээр зарим тодорхой ажил хийгдэж байна. Би үүнийг хэлэх ёстой. Хамгийн эхний жишээ нь УИХ-ын дарга УИХ-ын дэргэдэх судалгааны багийг өргөжүүлэх, тэдний хийсэн судалгааг эргэлтэд оруулах, УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа шийдвэр судалгаан дээр үндэслэдэг байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас намайг судлаачийн хувьд судалгааны төвтэй их ойрхон ажиллаарай гэдэг зөвлөгөө өгсөн, би үүнд нь их олзуурхаж байгаа.

Хоёрдугаарт Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан нэг зүйлийг бид хийхээр ярьж байна, “хуулийн тухай хуулийг” бий болгоё гэж. Хууль бүтэх өөрийн гэсэн процедур заавал байх ёстой, хуулийн үзэл баримтлал боловсруулагдахдаа заавал судалгаан дээр суурилсан байх ёстой, мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн хүмүүс, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн дунд хэлэлцүүлэг хийж саналыг нь авсан байх ёстой, дараа нь УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэгдсэн байх ёстой гэх мэтчилэн. Ямар хуулийг хэн санаачилж болох, хэн болохгүй, ямар хуулийг зөвхөн Засгийн газар, зөвхөн УИХ санаачлах ёстой юм гэдэг ч юм уу. Энэ болгон чинь төрийн бодлого бүтэж байгаа үйл явц учраас бусад орнуудад их тодорхой зохицуулагдсан байдаг. Энэ хууль гарчихвал одоо бидний санаа зовоод байгаа “үндэслэлгүй шийдвэр гарч байна” гэдэг асуудал засагдах байх. Ардчилсан нам үүнийг хийхийн төлөө байгаа.

-Парламент сул байна гэж хэлэхээр дахиад л нөгөө сонгуулийн үр дүн, “та нарын л сонгосон засаг шүү дээ” гэж хэлэх байлгүй. Сонгогдсон бусад гишүүдийнхээ тухайд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ? Мэргэжил боловсрол, ажлын туршлага, зорилго чиглэл, үнэт зүйл, ашиг сонирхлын тухайд ч харилцан адилгүй хүмүүс орж ирлээ шүү дээ?

-Би бол парламент сул байна гэж хэлэхгүй. Өнөөдөр УИХ-д сонгогдсон гишүүд төдийгүй Засгийн газар дээр хийгдэж байгаа томилгоо, төрийн албанд томилогдож байгаа хүмүүс дээр “хүн нь сул байна” л гэж яриад байна. Би бол хүмүүс  сул байна гэхээсээ илүү хүмүүсээ бэлтгэж, шалгаруулж, томилгоо хийж байгаа тогтолцоо чинь манайд байхгүй болчихсон байна л гэж харж байгаа. Төр засгийн хэмжээнд байтугай үйл ажиллагаа нь гайгүй явж байгаа компаниудын хэмжээнд хүний нөөцийн бодлого гэж байдаг. Хүний нөөцийн бодлого нь тухайн компани, тухайн улс орны хувьд хөгжлийнх нь хөдөлгүүр байдаг. Хүн л хөгжлийг авч явдаг шүү дээ, ямар нэг машин техник биш. Хүний нөөц гэдэг өөрөө санхүүгийн нөөцөөс илүү үнэтэй баялаг. Санхүүгийн нөөц болон материаллаг бусад баялгийг хүн бий болгодог. Тиймээс тэр хүний нөөцийн бодлого зөв яваагүй цагт хямрал үргэлжилсээр л байна, хэзээ ч парламент сүрхий ухаалаг хүмүүсээс бүрдэнэ гэж байхгүй.

-Тэр хүний нөөцийг бодлогыг тэгээд хаанаас эхэлж ярих ёстой юм бэ?


-УИХ бол мэдээж ямар ард түмэн байна, тийм л төлөөлөл байна. Ард түмний хийж байгаа сонголтыг шүүмжлэх арга байхгүй. Гэхдээ нэг ялгаатай зүйл маань сонгуулийнхаа тогтолцоог өөрчилж, холимог системээр сонгуулиа явуулдаг болсоны үр дүнд УИХ-д намын төлөөллөөр хүмүүс орж ирдэг болсон. Тийм учраас улс төрийн намууд дээр хүний нөөцийн сайн бодлого байх юм бол нам төлөөлж, намын квотоор орж ирж байгаа хүмүүс нь илүү тухайн улс төрийн намынхаа үзэл бодол, үнэт зүйлийг тээж явдаг, бодлого, зарчмын төлөө ажилладаг хүмүүс орж ирэх боломжтой. Улс төрийн намууд хүний нөөцийн сайн бодлоготой байвал ялсан нам улс төрийн томилгоо хийхэд ч гэсэн тэнд илүү чадвартай, чадвараараа шигшигдсэн хүмүүс орж ажиллана. Дээр нь Засгийн газар дээр бас хүний нөөцийн бодлого байх ёстой. Одоо манайд Төрийн албаны зөвлөл гэж байгуулаад хүний нөөцийн бодлогоо Засгийн газраасаа салгаад, гадна гаргаад хаячихсан учраас Засгийн газар өнөөдөр яаж хүнээ бэлтгэх вэ, ямар салбарт хүнээ сургах вэ, хэдийд ямар шалгуураар томилох, халах уу, солих уу, яаж урамшуулах вэ гэдэг бодлого нь аягүй хүнд болчихсон байна шүү дээ.  Тэгэхээр Засгийн газартаа энэ эрх мэдлийг буцааж өгөх өөрчлөлтийг Ардчилсан нам одоо хийнэ ээ. Харин төрийн албанд бэлтгэгдсэн энэ хүний нөөцийг хуулийн дагуу томилж байна уу, халж сольж байна уу, байх ёстой стандартыг мөрдөж байна уу гэдэг хяналтын үүрэгтэй, УИХ-аас байгуулагддаг ТАЗ ажиллах ёстой. Гэхмэтчилэн улс төрийн намууд, Засгийн газрын түвшинд хүний нөөцийн тогтолцоогоо эргэж бий болгохгүй бол одоо яриад байгаа дэд сайд, төрийн нарийнуудын сонголт, төрийн алба, УИХ-ын гишүүдийн сайн муу гэдэг шийдэгдэхгүй асуудал.  

-Ардчилсан нам 1996 оны сонгуулиас хойш анх удаа МАН-аас олон суудал авлаа. Үүнд хамгийн их нөлөөлсөн, Ардчилсан намыг арай өнгөлөг харагдуулсан зүйл нь өнгөрсөн сонгуулиар гаргасан намын лист буюу 28 хүний жагсаалт. Харин үүнээс хойш хийгдсэн бүх томилгоонууд, Засгийн газарт багтсан зарим сайд нараасаа авахуулаад Ардчилсан намын рейтингийг унагаж байна. Хэдийгээр Засгийн газарт хэнийг оруулах нь Ерөнхий сайдын сонголт ч гэсэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд та хэр шүүмжлэлтэй хандаж байна?

-Ардчилсан намын Засгийн газар гэлтгүй, аль ч Засгийн газрын үед томилгооны асуудлыг би хүмүүсийн сайн, муу гэхээсээ илүү тогтолцоотой холбоотой асуудал гэж үзэж байгаа. Энэ гажуудлыг засаагүй тохиолдолд ямар ч Засгийн газар хүмүүсийн чадварт суурилсан сонголт хийж чадахгүй. Өнөөдөр үнэхээр тэр бүтэц нь байхгүй учраас хүмүүсийн субектив дүгнэлтээр, тухайн хүн “би энэ хүнийг чадна гэж бодож байна” гэдэг ч юм уу, “энэ хүн намдаа хувь нэмэр оруулсан” гэдэг үндэслэлээр л сонголтоо хийж байна шүү дээ. Үнэхээр намдаа хувь нэмрээ оруулсан хүмүүс ч бас байгаа. Намд хувь нэмрээ оруулна гэдэг нь Ардчилсан намын хувьд зарим талаараа тодорхой хэмжээнд Монголд ардчилал амьд байхад хувь нэмрээ оруулсан хүмүүс л гэж би ойлгодог. Тийм учраас үүнийг их дөвийлгөх ч юм уу, хэт үгүйсгэх нь өрөөсгөл.



-Хувь нэмрийн тухайд эдийн засгийн хүчин зүйл нь их түлхүү яваад байгаа юм биш үү. Н.Алтанхуяг сонгуулиар авсан хандивынхаа өрийг төлж байна л гэж хүмүүс ярьж байгаа шүү дээ. Зарим нэг сайд дээр тухайлбал?

-Үүнийг би нотолж чадахгүй учраас дүгнэлт хиймээргүй байна. Магадгүй Н.Алтанхуяг сайдаас өөрөөс нь асуусан нь дээр байх.

-Эсвэл өөрөө намын жагсаалтад багтаж УИХ-д сонгогдсоноороо намын даргадаа талархах ёстой юу?


-Наад асуулт чинь бол маш чухал өнцөг. Хэрвээ намын листээр сонгогдсон гишүүд намаа шүүмжилж чадахгүй л байх юм бол энэ намын лист гэдэг зүйл утгаа алдана, улс төрийн намын тогтолцоог улам дампууруулна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар гэдэг чинь Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын өөр өөр салаа мөчрүүд. УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын гишүүдэд хуулиар өөр өөр үүрэг ноогдуулчихсан байгаа. Ард түмний өгсөн мандат ч гэсэн энэ тогтолцоогоороо өөр өөрийнхөө үүргийг гүйцэтгэ гэж явуулсан байхгүй юу. Тэгэхээр намдаа баригдаад, би намын листээр орж ирсэн юм чинь намаа шүүмжлэхгүй гэвэл намаа аварсан биш, хорлосон зүйл болно. Яагаад гэвэл энэ Засгийн газар зөв ажиллахын тулд УИХ-ын хяналтын үүрэг функц зөв ажиллах ёстой. УИХ-ын гишүүд нь Засгийн газартаа хяналтаа тавьсан шиг тавьж, шүүмжлэх үедээ шүүмжилсэн шиг шүүмжилж чаддаг, гүйцэтгэх засаглалаа ажиллуулж чаддаг л байх ёстой. Тиймээс би Засгийн газарт болж байгаа зарим зүйл дээр нь алга ташиж баяр хүргэж магадгүй. Болохгүй байгаа зүйл дээр нь үгээ хэлнэ, шүүмжлэх үедээ шүүмжилнэ.

-Угаасаа Засгийн газрууд дандаа ташуураар л явдаг шүү дээ. Магтаалаар яваад сайжирсан нь хаана, хэзээ байсан юм?

-Ер нь улс төрийн намын тогтолцоог дампууруулж байгаа, ард түмний дунд намд итгэх итгэлийг алдагдуулж байгаа аягүй том хүчин зүйл бол нам гэдэг зүйлдээ баригдаад УИХ-ын гишүүд нь ч намаа шүүмжилж чаддаггүй, намын гишүүд нь ч Засгийн газартаа хатуу үг хэлж чаддаггүй. Хэн хаана ямар үүрэг гүйцэтгэхээ мартаад намдаа хамаг толгойгоо мэдүүлчихсэн энэ тогтолцоо чинь л өөрөө засаглалыг хуйвалдаан, намыг хуйвалдааны байгууллага болгож хувиргаад, ард түмний дунд улс төрийн намын нэр хүнд маш их унаж байгаа шүү дээ. Улс төрийн намыг шинэчилье гэж яриад байгаа нь ч үүнтэй холбоотой.

-Сонгуулиар яригдаж байсан бас нэг зүйл одоо биеллээ олж байх шиг байна л даа. Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүсээ танайхан “хуруун шилний хүүхдүүд” гээд нэрлэчихсэн байна лээ. Уг нь бол сонгууль эхэлж байх үед “Манай намын нүүр царай, уураг тархи нь энэ хүмүүс болох юм аа” л гэж энэ жагсаалтыг олон нийтэд харуулсан шүү дээ, тэр нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байх?

-Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ-ын гишүүдийг тойргоос сонгогдсон уу, намын листээр сонгогдсон уу гэдгээс нь шалтгаалаад эрх мэдэл, үүрэг хариуцлагын хувьд ялгаж зааглачихсан зүйл байхгүй. Хуулийн адилхан орчинд ажиллаж байгаа. Тийм учраас тойргоос сонгогдсон ч бай, намын листээр орж ирсэн ч бай УИХ-ын гишүүнийхээ хувьд улс орны амьдралыг сайн сайхан болгох, хууль эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажил хийх ав адилхан боломж 76 гишүүнд байгаа. Ямар ч ялгаа байхгүй.

-Сая Засгийн газрын томилгоон дээр, сайд нарыг томилоход лав тэгж харагдаагүй дээ. Жагсаалтад орсон хүмүүсээс 1-2 сайд л гарсан, тойрогтой том том баячууд нь хүссэн яамаа авсан юм биш үү?


-Урьд нь ярьдаг л байсан шүү дээ, сайдын суудлыг худалдаж байна гэж. Үүнийгээ хэрэв нотлох баримт байдаг бол эргэж хөөгөөд нотлох л ёстой. Сая бол тийм зүйл болсон гэж би бодохгүй байна. Илүү фракциудын хоорондын тохиролцоо, ойлголцол, өрсөлдөөн гол хүчин зүйл нь байсан. Фракциудын ойлголцлоор ингэж асуудлыг шийдэхэд сайн тал ч бий, сөрөг тал ч бий. Сайн тал нь тухайлбал, сонгуульд оролцсон манай намын листийг чанартай болсон гэж хүмүүс ярьж байгаа. Энд хэн нэгэн дарга, намын дарга жишээ нь асуудлыг ганцаараа шийдээгүй шүү дээ. Яг фракциуд тойрч сууж байгаад асуудлаа бодитойгоор ярьсан, хэлэлцээр хийсэн. Ингэж шийдсэний үр дүнд намын лист харьцангуй  эрүүл болж чадсан. Сайд нарын томилгоон дээр ч гэсэн фракциудын хооронд иймэрхүү ойлголцол явагдсан.

Сайн тал нь хэн нэг хүн дур зоргоороо бүх томилгоог өөртөө тохируулж хийх биш, илүү ойлголцлын хүрээнд явж байгаа. Саар тал нь хэрвээ фракцийг хэтэрхий их дөвийлгөөд байвал нөгөө яриад байгаа хүний нөөцөө бүрдүүлэх, чадвартай хүмүүсийг гаргаж ирж ашиглахаасаа илүү “Танай фракцийн квот дууссан” гэдэг. Нөгөө фракци нь чадвартай байна уу, үгүй юу хамаагүй, ҮЗХ-нд олон суудалтай том фракци учраас олон хүн оруулах ёстой гэдэг зарчмаар шахаад ирэхээр эргээд хүнийхээ чанарт нөлөөлдөг. Би бол ямар ч байсан Засгийн газрын томилгоон дээр сайдын суудал худалдсан гэдэг яриа хэрвээ явж байгаа бол маш үндэслэлгүй зүйл гэж хэлнэ. Өөрийнхөө ойлголтын хэмжээнд няцаахад бэлэн. 

-Өнгөрөгч долоо хоногт УИХ дээр төсвийн тодотгол хэлэлцэх үед хүүхдийн мөнгөний асуудал босч ирсэн. МАН зөрүүлээд “тэгвэл 21 мянгаа ч өгье” гээд явж байна. Өмнө Ардчилсан намын амлаж байсан нөгөө их шинэчлэл, хавтгайруулсан халамжаас татгалзах, бодит эдийн засгаа дэмжих энэ тэр чинь ганц хүүхдийн мөнгөнөөс болоод нурж уналаа, яах вэ. Ардчилсан нам нэг тийзээр хэдэн удаа нисэх гэсэн юм бэ гэж хүмүүс ярьж байна?

-Хүүхдийн мөнгөний асуудал бол маш том бодлого гэж би бодож байгаа. Үүнийг тойроод маш том мэтгэлцээн Ардчилсан намын дотоодод төдийгүй нийгэмд өрнөх ёстой. Энэ бол Засгийн газрын тэргүүний хувиар хэдэн төгрөг хаашаа шилжүүлэх вэ гэдэг төдий яриа биш. Үүний цаана Монголын төр юу хийх ёстой вэ, Монголын эдийн засаг яаж хөгжих ёстой юм, ер нь мөнгө гэдэг чинь юу юм гэсэн концепцийн чанартай олон асуудал хөндөгдөж байгаа. Энэ олон тайлбар луу орохын өмнө эхэнд нь хэлэх ёстой нэг зүйл бол бид хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй, хүүхэддээ эмнэлэг, сургууль барих хэрэгтэй. Өвөлжингөө энэ бохир, утаатай хотод амьдарч байгаа бага насны хүүхэд өвөлжин ханиад хүрч байна, очоод үзүүлэх эмнэлэг алга. Арай боломжтой айлын хүүхдүүд өндөр төлбөр төлөөд гайгүй сургуульд сурч байна. Гэтэл ихэнх сургуулиудын хүрэлцээ ямар байгаа билээ. Багш нараа давтан сургаж чадахгүй байна, багш нарын маань чанар ямар байгаа билээ. Тэгэхээр хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй байна. Гэхдээ бэлэн мөнгө тараах замаар уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Бэлэн мөнгө тарааснаараа Монгол хөгжчихдөг бол, нам их оноо авдаг байсан бол өнгөрсөн дөрвөн жил Монгол Улс гайхалтай хөгжөөд, МАН сонгуульд ялах байлаа.

Өнөөдөр хүүхдийн мөнгөний асуудлыг зөвтгөх ганцхан л шалтгаан байгаа, яг эдийн засгийн утгаар нь аваад үзвэл. 21 мянган төгрөгийг бүтэн жилийн хугацаанд сар болгон тараагаад ирэхээр хүмүүст хүлээлт бий болоод, ажил хийдэг байсан хүмүүс нь түүгээрээ амьдарч сураад орлогоо бууруулаад, бэлэн мөнгөний хүлээлт нийгэмд бий болчихсон байхад гэнэт нэг өдөр зогсчихоор зарим айл өрхийн амьдралд хүндрэл үүсч байна гэдгийг хүмүүс бодитой ярьж байгаа. Нийгмийн халамжийн чиглэлээр ажилладаг хүмүүс нь. Тийм учраас сонгуулийн маргааш гэнэт үүнийг зогсоочих биш, зорилтот бүлэг рүү чиглэсэн тодорхой хэмжээний мөнгийг өгөх замаар хүндрэлийг бууруулья гэсэн санааг хүмүүс хэлж байгаа. Энэ бол байж болох зүйл.

Гэхдээ энэ мөнгө шаардлагагүй гэж шүүмжилж байгаа маш их эцэг эхчүүд байна шүү дээ. Үүний оронд миний хүүхдэд эмнэлэг, сургууль хэрэгтэй байна гэж. Тиймээс үүнээс гарах гарцыг манай УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс эхлээд ярьж байна. Хэрвээ нийгмийн шударга ёс гэж байдаг бол бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах эрхийг нь нээлттэй үлдээчихье. Үнэхээр мөнгөө авах шаардлагатай хүмүүс нь өргөдлөө бичиг. Харин өргөдөл өгөөгүй эцэг эхчүүдийн мөнгийг хүүхэд хөгжүүлэх сан руу хийж байгаад үүгээрээ цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэдэг саналыг бид гаргаж байгаа. Хүүхдийнхээ мөнгийг үлдээсэн эцэг эхчүүд ч гэсэн үүн дээр Засгийн газрыг шахаж шаардана шүү дээ. Энэ талаас нь асуудлыг хараасай гэж бодож байна.

-Тэгэхээр манайхан эмзэг бүлгээ тодорхойлж чадахгүй байгаа гэсэн үг үү? Үүнээс болоод л эцэг эхчүүд нь өргөдөл гарга гэж байгаа биз дээ?

-Ер нь бол тэгж ойлгож болно. Саяхан УИХ дээр мэтгэлцээн болсон нэг асуудал бол орон нутаг дахь нийгмийн халамжийн байгууллагын удирдлагуудыг дээрээс нь босоо тогтолцоогоор томилох асуудал яригдсан. Ингэж санаачилга гаргах болсон үндэслэл нь амьдрал дээр бодитойгоор байгаа. Орон нутгийнхан бүгд л ярьдаг  нууцгүй зүйл бол үнэхээр МАН эрх барьсан өнгөрсөн хугацаанд энэ боломжоо ашиглаад МАН-ыг дэмждэг, гишүүн байсан хүмүүсээ халамжийн байгууллагууд дээр аваачсан. Тэгээд хуулийн хатуу шалгуур байхгүй учраас ихэвчлэн өөрийнхөө намыг дэмждэг, ойр байдаг хүмүүстээ халамж өгөөд явчихдаг. Бид ийм асуудалтай байнга тулгардаг. Орон нутагт очиход Ардчилсан намын гишүүд “Бид Ардчилсан намын гишүүн гэдгээсээ болоод ажилгүй байна, нийгмийн халамжаас хувь хүртэж чадахгүй байна” гэдэг асуудлыг байнга ярьдаг.  Энэ чинь өөрөө бид нийгмийн халамж авах хүмүүсээ бодитойгоор тодорхойлж чадахгүй, нийгмийн халамжийн тогтолцоо маань улс төржчихсөн байна гэдгийг л хэлээд байгаа юм.

Үүнээс зайлсхийдэг арга зам байна л даа. Бид Гүржийн шинэчлэлийг их ярьж байгаа. Бидэнд таарах ч юм байна, таарахгүй ч юм байна. Гүржид жишээ нь тухайн орон нутагтай танил тал биш, өөр мужаас томилогдож ирсэн мэргэжлийн хүмүүс тодорхой аргачлалын дагуу үнэлгээ хийгээд үнэхээр энэ айл эмзэг бүлэг мөн үү үгүй юу гэдгийг тогтоодог тогтолцоотой болсон байна. Жишээ нь нийгмийн халамжийн тогтолцоог босоо болгоод төвөөсөө байцаагч томилоод Орхон аймагт эмзэг бүлгийн айл хичнээн байгааг тодорхойлоод ир гэж явуулаад ажлынх нь үр дүнг хөндлөнгөөс хянах өөр шүү дээ. Монгол шиг танил тал, ах дүү олонтой жижиг газарт нэг айлд ороод нүдээ ирмээд “за би танайхыг халамжид орууллаа шүү” гэх байдлаар явдаг. Гэх мэтчилэн танил тал, орон нутгаа түшиглэсэн халамжийн тогтолцоо чинь буруу байна аа л гээд байгаа юм л даа. Дээрээс нь улс төржчихсөн.

-Эдийн засгийн хувьд ч маш үрэлгэн, үр ашиг багатай гэдгийг яагаад харахгүй байгаа юм бэ?


-Үүний ард талд том концепци байгаа гэдгийг түрүүн хэлсэн. Мөнгө гэж юу юм бэ гэдгийг бид бүгдээрээ, нийгмээрээ бодох цаг болчихжээ. Мөнгө бол нийгмийн харилцаг зохицуулж байдаг маш хүчтэй хэрэгсэл. Мөнгөний урсгал, мөнгөний тухай ойлголт буруу явах юм бол нийгмийн харилцааг бүхэлд нь бусниулах маш том хэрэгсэл болдог. Мөнгө илүү баялаг бүтээж байгаа, шударгаар хөдөлмөрлөж байгаа хэсэг рүүгээ урсдаг байх юм бол мөнгөний бүтээлч ид шид нь гарч ирдэг. Өнөөдөр гэтэл Монголд эсвэл их авлига авсан хэсэг, эрх мэдэлд ойрхон хэсэг нь мөнгөтэй болдог, холбоо сүлжээгээ ашиглаад нэг л өдөр тэрбумтан болоод гараад ирж байна шүү дээ. Энд мөнгөний бүтээлч ид шид гардаггүй юм. Эсвэл ядуу хоосон байна гээд саяны хэлсэн янз янзын шалгуураар баахан бэлэн мөнгө тараачихдаг. Энэ чинь эргээд нөгөө мөнгөнийхөө нийгмийн харилцааг зохицуулдаг үнэ цэнийг байхгүй болгодог. Нийгмийн шударга ёс гэдгийг хамгийн их баллаж байгаа зүйл чинь энэ. Ажил хийж, баялаг бүтээж байгаа нийгмийн дундаж давхарга нь том болоод, түүн лүү чиглэсэн бодлого нь зөв болоод ирэхээр нийгмийн амьдрал сайхан, тогтвортой болдог. Ийм хүмүүст орж ирж байгаа мөнгө байнга хийсэн бүтээснээр нь хэмжигдэж байдаг байхгүй юу. 

-Хүүхдийн мөнгө, хүүхэд төрүүлсэний мөнгө, хүүхэд асарсаны мөнгө, одонгийн мөнгө гээд маш олон давхардсан халамж байгаа шүү дээ. Ядахдаа үүнийгээ яагаад нэг мөр болгож болдоггүй юм?

-Би Ерөнхий сайдад хандаж нэг л үг хэлмээр байна. Н.Алтанхуяг сайдаа, С.Батболдын алдааг битгий давтаарай гэж. Өрөөр хэлбэл хэтэрхий популизм, битгий хийгээрэй, хэтэрхий их битгий шоудаарай, энэ улс орны амьдралыг аваад явж байгаа эцэг хүн шиг, Засгийн газрын тэргүүн хүн шиг долоо хэмжиж нэг огтолж бодлогоо гаргадаг, асуудлыг шийдэх гэж оролддог байгаарай гэж. Тэгж чадвал Засгийн газар энэ асуудлыг шийдэж чадна. Хариуцлагатай өрхийн тэргүүн бол орж ирж байгаа хэдэн төгрөгөө хүүхдийнхээ сургуульд, эрүүл мэндэд зориулья, хадгаламжинд хийе гэж бодно уу гэхээс нэг өдөр тарааж өгөөд дуусчихья гэж бодохгүй шүү дээ. Яг түүнтэй адилхан улстөрчийн өнцгөөр асуудлыг хараад, шоудаад, шийдвэр гаргаад байх юм бол бид ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Өнөөдөр орж ирж байгаа гурван төгрөгийг маргаашийн таван төгрөг болгож монгол хүний халаасанд хийх, өнөөдөр амьдарч байгаа нөхцөл нь маргааш илүү аюулгүй болсон байх бодитой үр дүн лүү л чиглэж ажиллах ёстой.

Пиарынх нь зөвлөхүүд хэтэрчихээд байдаг юм уу, эсвэл асуудлыг 20 жил улс төрийн өнцгөөс хараад явахаар өөр өнцгөөс харж чадахаа больчихдог юм уу, мэдэхгүй. С.Батболд сайд бол хэтэрхий их популизм, хэтэрхий их шоу, хэтэрхий их пиар хийсэн болохоос биш асуудлыг бодитойгоор шийдэх гэж оролдоогүй шүүү дээ. Хэтэрхий их эхчүүдэд, хэтэрхий их сонгогчдод таалагдах гээд таван төгрөгөө байгаагийнх нь хэрээр тараагаад байвал маргааш гэхэд асуудал өнөөдрөөсөө дордоно. Мөнгө гэдэг бол хариуцлага. Улстөрч хүн бусдын бий болгосон баялгийг л хуваарилж байгаа шүү дээ. Тийм учраас бусдын мөнгөнд хариуцлагагүй хандаж болохгүй.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив